2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Швед улсад амьдрахын давуу тал болон сул тал

Дэлхийн хамгийн чинээлэг орны нэг Шведэд амьдрахаар зэхэж байгаа бол дараах нийтлэлийг сонирхоорой. 

Швед нь Европ тивийн тав дахь том газар нутагтай орон бөгөөд 10.3 сая орчим хүн амтай. Мөн Финланд, Норвеги, Дани гэсэн дэлхийн хамгийн чинээлэг орнуудтай хил залгаа оршдог байна. Албан ёсны хэл нь Швед боловч Финланд, Еврей, Цыган зэрэг үндэстний цөөнхүүд өөрсдийн хэлээр ярьдаг юм. 

Швед нь 1995 онд Европын холбоонд элссэн ч Еврозонд нэгдээгүй учир мөнгөн тэмдэгт нь крон байдаг. Тус улс нь энэ онд дэлхийн хамгийн чинээлэг орны жагсаалтын 11-т бичигджээ. Тэгвэл Шведэд амьдрахад танд ямар амжилт, бэрхшээл тулгарч болохыг сонирхуулъя. 

Давуу тал:

Нийгмийн халамж – Тус улсад татварын стандарт хэмжээ 30 хувь, НӨАТ 25 хувь байдаг. Харин таны орлого жилийн 5.6 сая төгрөгөөс бага бол татвараас чөлөөлөгдөнө. Хэрэв жилийн 121.8 сая төгрөгөөс дээш орлоготой бол нэмэлт татвар төлдөг байна. 

Хэл – Шведийн иргэд ихэвчлэн гурваас дээш хэлээр ярьдаг. Ингэхдээ Англи хэлийг хоёр дахь хэл болгон сурдаг байна. Мөн гудамжинд хараал хэлэх нь харьцангуй чөлөөтэй байдаг ба телевизээр хүртэл хараалын үг сонсох тохиолдол олон гарна. 

Боловсрол – Шведийн коллеж, их сургууль төлбөргүй ч оюутнуудын 85 хувь нь төгсөх үедээ 35 орчим сая төгрөгийн өрөнд ордог байна. Гэвч энэ нь бусад улсаас харьцангуй бага ба амьдрах газар, ахуйн хэрэглээ зэрэг зардлаа хянаж чадвал өрнөөс айх хэрэггүй юм. Гэхдээ Европын холбооны гишүүн биш орны иргэд бага зэрэг төлбөр төлөх шаардлагатай.

Ажлын байр – Шведэд шинэ ажилтандаа эхний жилд нь дор хаяж 35 хоногийн цалинтай амралт өгдөг ба олон жил ажиллах тусам цалин, хоног нь нэмэгдэнэ. Мөн шинэхэн эцэг эхчүүд 480 хоногийн цалинтай чөлөө авах боломжтой. 

Олон нийтийн соёл – Тус улсын иргэд эрүүл мэндээ ихээхэн анхаардаг ба энэ нь соёлд нь нөлөөлдөг гэж үздэг. Мөн хот, улсынх нь нэр хүнд хувь хүний соёлоос хамаардаг гэж үздэг учир зоогийн газар хооллосныхоо дараа хаягдлаа цэвэрлэх, цэвэрлээгүй хүмүүсийг зэмлэх зэрэг үйлдэл хийдэг байна. 

Эрүүл мэнд – Эмнэлэгт үзүүлэх цаг авахдаа 28-70 мянган төгрөгийн хураамж төлдөг бөгөөд нийт төлсөн хураамж 280 мянган төгрөгт хүрвэл цаашид үнэгүй цаг авах боломжтой. Гэхдээ эмнэлэгт үүнээс өөр ямар ч төлбөр төлөх шаардлагагүй. 

Интернет – Шведийн интернетийн сүлжээ хурдаараа дэлхийд тавдугаарт бичигддэг. Мөн 4G сүлжээний шугам нь газар доогуур байрладаг учир гар утасны дата ч өндөр хурдтай. 

Байгаль – Тус улсад 30 мянга гаруй жижиг арал байдаг ба 45 минутын завьтай аялал хийгээд байгалийн сайхныг мэдрэх боломжтой бөгөөд хоолнууд нь ч амттай. Зуны цагт 30 градус хүрч халдаг учир бүлээхэн усанд сэлэх газрууд мундахгүй олон. Харин Хойд хэсэгт зуны улиралд 24 цаг нартай байх өдрүүд ч бий гэнэ.

Сул талууд: 

Цаг агаар – Швед нь жилийн дөрвөн улиралтай ба эрс тэс уур амьсгалтай. Зуны цөөн хэдэн өдөр л дулаахан байдаг ба бусад үед ихэвчлэн сэрүүн, чийглэг, бороотой байдаг. Өвлийн цагт Хойд хэсэгт нь цас ихээр ордог бол Өмнөдөд харьцангуй дулаахан байна. Гэхдээ өвөл өдрийн нарыг харна гэдэг ховорхон үзэгдэл. 

Нутгийнхны зан араншин – Нутгийн иргэд зожигдуу зантай. Иймээс Швед найзуудтай болоход нилээд хугацаа шаардагдана. Тэр хүртэл эелдэг, боловсон байдал гарган хэнд ч саад болохгүй байх нь зөв. Мөн тус улсад Жантегийн хууль гэх нийгмийн үзэл баримтлал явагддаг. Энэ нь бусдаас илүү амбицтай, биеэ тоосон байдлыг буруушаах явдал юм. Иймээс Шведэд хэн ч бусдаас илүү ухаалаг, мэдлэгтэй гэж боддоггүй учир бусдаас ялгарахыг хүссэн хүмүүст шүүмжлэлтэй ханддаг байна. 

Засгийн газрын архины хяналт – Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Шведийн тулгамдсан асуудлуудын нэг нь архидалт болсон. Улмаар 1995 онд Засгийн газрын мэдлийн дэлгүүрүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Шведэд зөвхөн эдгээр дэлгүүрээс л архи худалдан авч болох ба нийт бүтээгдэхүүний 3.5 гаруй хувь нь архи байдаг. Гэхдээ эдгээр дэлгүүр ажлын өдөр 19:00 цаг, амралтын өдөр 02:00 цагт хаалгаа барьдаг. Уг архины эсрэг бодлого нэг талаараа чанартай бүтээгдэхүүн борлуулах боломж олгодог ч Засгийн газар иргэдийн амьдралд хэт оролцож байна гэж зарим иргэд үздэг юм. 

Орон сууц- Стокгольм, Готенбург зэрэг хотод орон сууцны хүрэлцээ тааруу. 290 орон сууцны 255 нь дүүрсэн бөгөөд Орон сууцны агентлагт 580 мянган хүн бүртгэлтэй байдаг. Эдгээр хүмүүсийг бүгдийг нь орон сууцжуулахад 50 орчим жил шаардлагатай гэнэ. 

Жолоо барих – Жолооны үнэмлэхийн хугацаа дууссан тохиолдолд хэдэн ч жилийн туршлагатай байсан жолооны сургалтад дахин суух ёстой ба энэ нь 1.1-4.2 сая төгрөгийн өртөгтэй. 

Үйлчилгээний хөлс – Үсчин, маникюр, педикюр, такси зэрэг үйлчилгээний хөлс харьцангуй өндөр. Тухайлбал, энгийн педикюр спа 140-240 мянган төгрөг, такси нэг км нь 15 мянган гаруй төгрөг байдаг. 

Швед улс нь амьдралын ашиг тусыг хүн бүрт тэнцүү олгох үзэл баримтлалтай. Мөн зарим үед кроны ханш нилээд буурдаг ба татвар нь таны амьдралд хүндхэн санагдаж магадгүй. Гэсэн ч тус улсад амьдралын таатай нөхцөл ихтэй учир амьдрахад тохиромжтой орнуудын нэг маргаангүй мөн юм.