2021-11-27

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Монгол хүний заавал очиж үзэх ёстой 100 үзэсгэлэнт газар (цуврал нэг)

Монголчуудын эрт галавын амьдралын ул мөрийг хадгалсан цав толгод, говийн өвөрмөц тогтоц, зах хязгаар нь үл үзэгдэх уудам тал, хээр, уул нурууд, нуур цөөрөм, гол мөрөн, нууцлаг агуй гээд бидний мэдэх хийгээд, үл мэдэх олон зуун гайхам сонин газрууд бий. Монголчууд бид өөрсдөө ч эх орноороо аялж, амралт зугаалгаа идэвхтэй өнгөрүүлэхийн тулд хөдөө орон нутгийг, тэр дундаа байгалийн үзэсгэлэнт газруудыг зорих нь ихэсжээ. Тиймээс бид энэ зун заавал очиж үзэх Монголын үзэсгэлэнт 100 газрыг цувралаар хүргэж байна.  Та хадгалж аваад аялаарай. 

1. ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР

Тэмүжин, Сорхон шарын нэгэн гэрийн харамгүй дотно дэмжлэгээр Тайчуудын гараас мултарч Онон мөрний эхээд явж Химурга горхины Бэдэр хошууны Хорцохой болдог гэдэг газар хүрч Өүлэн эх дүү нартайгаа уулзжээ. Дараа нь Тэмүжиний гэр Бурхан халдуны Өвөр Хүрэлх дотор орших Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад тарвага зурам алж идэн амьдрав. Энэ бол “Монголын нууц товчоо”-ноо гурвантаа дурсагддаг эзэн Чингисийн унаж босож явсан амьдралтай салшгүй холбоотой боржгон овогтны түүхэн нутаг. Түүхт энэхүү газар маань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас баруун хойд зүгт Улаанбаатар хотоос 220 км зайтай газарт оршино. Нуурын эрэг дээр Чингис хааны 840 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө босгосон байдаг.

2. Хар нуур

Төв Азийн гадагш урсгацгүй ай савд хамаарах Хар нуур-Ховд голын сав газар манай орны баруун нутагт орших мөнх цас, мөсөн оргил бүхий өндөр уулс, өргөн хавцал, олон арван гол нуур, намгархаг газруудаас цоцлон бүрдсэн өвөрмөц нутаг юм. Нутгийн үзэмжийг чимэн орших томоохон нууруудын нэг нь Хар нуур бөгөөд Өмнөд хэсэгт орших Дөргөн нууртай хоолойгоор холбогддог. Баруун болон баруун хойд талдаа Гэзэг сайхан, Гэзэг Хайрхан, Чандмань, Таван Хар зэрэг уул толгод нь Чоно Харайхын гол хүртэл үргэлжилээд Хар нуурыг Хар ус нуураас тусгаарлана. Хар-Ус нуурын илүүдэл ус Чоно Харайхын голоор дамжин Хар нуур руу цутгадаг.

3.САНГИЙН ДАЛАЙ НУУР

Тус газрын гадарга нийтдээ уулархаг бөгөөд нуурын усны мандал 1988 м өндөрт орших тул орчны уулс хэдийгээр өндөр ч гэсэн харьцах өндрийн хувьд бага юм. Нуурын ёроол хайрцаг шиг хэлбэртэй учраас хажуу нь эгц, олон мөргүүдтэй. Сангийн далай нуурын усны эрдэсжилт Хяргас, Увс нууруудаас бага боловч давсархаг юм. 

4. Дархадын хотгор

Дархадын цэнхэр хотгор гэж алдаршсан байгалийн үзэсгэлэнт газар нь Ринченлхүмбэ, Улаан-Уул, Цагааннуур сумын нутаг юм. Дархадын хотгор гэдэг бол Хорьдол Сарьдагийн нуруу Улаан тайгын уулсын хооронд орших Шишгэд голын сав газар, түүнд цутгасан олон жижиг гол горхи, эргэн тойрон өндөр уулсаар хүрээлэгдсэн тал хөндийг хэлнэ. 

5. Хурган нуур

Хотон, Хурган нуурууд нь Монгол улсын хилийн зурвас нутагт орших тул Улаанбаатараас эсвэл Өлгий хотоос Хилийн Цэргийн Удирдах газраас хилийн зурваст Зорчих Зөвшөөрөл урьдчилан авдаг. Хотон Хурган нуур ороход хоёр янзын замаар Өлгий хотоос явж болох бөгөөд замдаа Цэнгэл сумаар дайрч шатахуун нөөцлөх боломжтой. 

6. Хар нуур

Төв Азийн гадагш урсацгүй ай савд хамаарах Хар нуур-Ховд голын сав газар манай орны баруун нутагт орших мөнх цас, мөсөн оргил бүхий өндөр уулс, гүн өргөн хавцал хөндий, ой, ойт хээр, тал хээр, говь цөлийн бүс, олон арван гол горхи, нуур, ус намгархаг газруудаас цогцлон бүрдсэн Монголд төдийгүй дэлхийд ховор өвөрмөц нутаг юм.

7.Хяргас нуур

Гадагш урсгалгүй тогтмол нуур бөгөөд түүнд илүүдэл усаа өгөх Айраг нуур нь 143.3 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Айраг нуурыг Хяргас нуураас 50-80 метр өндөртэй урт ухаа толгод тусгаарлах бөгөөд 5 километр урт, 200-300 метр өргөн Нуурын хоолойгоор холбогдоно. Хяргас нуурын урд хөвөөнд таваг чулууны булаг, хойд хэсэгт Чоно долоохын булаг, Могойн булаг зэрэг булаг шандтай. Нуурын хойд эрэг дээр Хар тэрмэсийн рашаан хэмээх амралт сувиллын газар бий.

8. Тэрхийн цагаан нуур

Тэрхийн цагаан нуурын зүүн эрэг дээр овоо бүхий дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хараа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэсэн домог байдаг.Мөн өөр нэг домог нь: Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ.Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Бөхмандал гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус Тэрх цагаан нуур болон тогтжээ. 

9. Ачит нуур

Увс, Баян-Өлгий аймгийн дунд орших цэнгэг уст нуур. Энэ нуур Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм,Хархираа Түргэний уулсын хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол , Бөх мөрөн гол, Улиастай голуудын усаар тэжээгдэнэ. Домог. Галдан Бошигт манжийн цэргээс зугатаан Ховдод ирсэний дараа их зуд болж хамаг мал сүрэг нь үхэж үрэгдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргүүд нь хэд гурваараа хэрэн тэнэж хоол хүнс эрж явдаг байжээ. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг Цагаан голыг өгсөн явж нэгэн нуурын дэргэд ирж амсхийж, ядарч туйлдсан цэргүүд нэгнийгээ нуурын харзалсан уснаас ус авхуулахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус хутгатал устай цуг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод аваад иржээ.Ийнхүү цэргүүд өлсөж үхэх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг үхэх аюулаас аварсан үнэхээр ачит нуур минь гэснээс болж “Ачит” нуур нэртэй болсон гэж домоглодог.

10. Цагаан нуур

Цагаан нуур нь таван уулын орой дээр буюу далайн түвшинээс дээш 2670 метрийн өндөрт байдаг, тунгалаг, үзэсгэлэнт нуур юм.

Эх сурвалж: Mongoldoo.xyz