1987 оны 5-р сарын 28-ны үдэш ЗХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Болшой Москворецки гүүрний авто зам ашиглан Матиас Раст /Mathias Rast/ гэгч герман хүү газардаж байв. Тэрээр Скандинавын хойгоор нислэг үйлдэж яваад Финляндын Хельсинки хотод түлшээ дүүргээд баруун зүгт нисч байгаад холбоогоо таслан эргээд дорно зүгт, Зөвлөлт Москваг зорьсон гэдэг.

ЗХУ-ын агаарын хилийг давах үед хил хамгаалагчид ажиглалтанд авч, сөнөөгч онгоцнууд түүнийг дагаж байсан ч пуужин харвалгүй өнгөрүүлсэн ажээ. Гэвч тэр чухам яагаад улс төрийн хурцадмал цаг үед ийм нислэг үйлдэх болов?

Германы Хамбургийн нислэгийн коллежид суралцаж ердөө жилийн өмнө нисгэгч болсон Матиас Раст нь Улаан талбайд газардаж дэлхийн нийтийн дунд алдаршиж явсан агаад хэвлэлд энх тайвныг бэлгэдэж ийм нислэг үйлдсэн хэмээн мэдэгдэж байв. Нисгэгчийн сургуулиас хөлслөн авсан “Cessna 172 Skyhawk” маркын нисэх онгоцоороо Москва хүрэхийн өмнө тэрээр өөрийн ур чадвараа сорихоор Германаас Фарое арлууд, Исланд, Норвеги Финлянд гэсэн маршрутаар нисчээ.
Ийнхүү 2 долоо хоногийн турш нислэг үйлдэж өөрийн ур чадвартаа итгэлтэй болсон Матиас нь Москва хотын цагаар 13:21 минутад Хельсинки хотоос Шведийн Стокгольм хот руу нисч эхэлсэн ч замаасаа холбоогоо таслан дорно зүгт ЗХУ руу чиглэжээ. Холбоо тасарсан түүнтэй эх газраас холбогдохоор олон удаа оролдсон ч бүтэлгүйтсэн тул Финляндын буланд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, далайн усанд шатахуун байж болзошгүй ул мөр олсон тул осолдсон хэмээн таамаглав.

Гэвч тэрээр Пейпси, Селигер нууруудын дээгүүр нисэн Ржевээс Москва хүрэх төмөр зам дагасаар зорьсон газартаа хүрсэн гэдэг. ЗХУ-ын агаарын хамгаалалт түүнийг үдээс хойш 14 цагийн үед хил зөвшөөрөлгүй давж буйг тогтоож, ажиглалтанд авчээ. Тухайн үед шаардлагтай тохиолдолд пуужин харваж устгах бэлэн байдалд шилжсэн байсан ч тийм зүйл болоогүй бөгөөд сөнөөгч онгоцоор ажиглан дагаж байсан байна. Шууд устгах тушаал ирээгүй нь тухайн үед хийгдэж байсан агаарын сургуулилтын онгоц байх магадлалтай, мөн жижиг хөдөлгүүртэй спорт загварын онгоц руу шууд гал нээх эрхгүй байсантай ч холбоотой гэх яриа бий.

Ийнхүү Москва хотод ирсэн Матиас Кремлид газардахаар төлөвлөж байсан ч боломжгүй гэдгийг нь анзаарч, тэнгэрт хэд хэдэн удаа эргэлт хийсний эцэст Улаан талбайд газардах шийдвэрт хүрсэн гэдэг. Тэрээр Болшой Москворецки гүүрний замын хөдөлгөөнийг ажиглаж, бүх машин зогссон үеийг анзаарч газардсан аж. Ийнхүү 19 цагийн үед Улаан талбайд амжилттай газардан онгоцноосоо буух үед сониуч хүмүүс цугларч, Германаас ирсэн гэхийг сонсоод түүний гарын үсгийг авахаар дугаарлаж байсан түүх бичигдэн үлджээ.

20 цагийн үед түүнийг цагдаа нар баривчилж, хил зөвшөөрөлгүй давсан, нийгмийн хэм хэмжээг эвдсэн гэх шалтгаанаар 4 жилийн ял оноосон ч жил орчмын дараа өршөөлөөр суллагдан нутаг буцжээ. Хэдийгээр нутагтаа эсэн мэнд эргэн ирсэн ч түүний нисгэгчийн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч байсан гэдэг.

Эл нислэг өнөөг хүртэл чухам ямар утга агуулгатай байсан нь тодорхойгүй хэвээр үлдсэн ч уг үйл явдлын дараа ЗХУ-ын удирдлагууд армийн албан тушаалтнуудад өөрчлөлт оруулж, цэвэрлэгээ хийсэн түүхтэй.
Харин энэхүү түүхийн эзэн Матиас Раст уг үйлдлээ залуу насны хариуцлагагүй үйлдэл байсан хэмээн хожим тайлбарласан ажээ.
More Stories
Ekaterina: Амьдралын хамгийн сайхан мэдрэмжийг мэдэрч өөрийн эрхгүй уйлан хайлан 3270кг ХӨӨРХӨН ОХИНОО хүлээн…
Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 8-ны 08:00 цагт нээнэ гэнээ
Эрдэнэс Тавантолгойн хувьцааг иргэдэд өгч, жил бүр хоёр сая ₮өгрөгийн ногдол ашиг иргэн бүрд өгнө