2022-11-28

Сосinа

Cocina

Хятадууд Америкт зөвшөөрөлгүй цагдаагийн газар байгуулж байна

Хятад улс АНУ-ын хотуудад зөвшөөрөлгүй цагдаагийн газар байгуулж байгаад санаа зовж буйгаа Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Врей 2022.11.17-нд мэдэгдсэн юм. Нью-Йорк зэрэг дэлхийн томоохон хотуудад Хятадын цагдаагийн газар олон арваараа байгааг Европт төвтэй хүний эрхийн байгууллага “Safeguard defenders” есдүгээр сард олон нийтэд тайлагнасан.

Энэ цагдаагийн газрууд нь Хятадын зарим иргэн, тэдний төрөл төрөгсдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай болсон тохиолдолд ашиглах зорилготой гэж тайланд тэмдэглэжээ. Мөн тэдний хилийн чанадад суртал ухуулга явуулах ажлын албаны үйл ажиллагаатай холбоотой гэв.

“Бид үүнд маш их санаа зовж байна. Хятад улс Нью-Йоркт зохицуулалтгүйгээр цагдаагийн газраа нээхийг завдсан нь үнэхээр сонин. Энэ нь тусгаар тогтнолыг зөрчиж, шүүх болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааны стандартаас бултсан явдал. Эдгээр цагдаагийн газар АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг судалж байна” гэж Кристофер Врей хэлэв. Хятадын удирдагч Ши Жиньпиний үзэл баримтлалтай санал нийлэхгүй байгаа хүмүүсийг АНУ-д мөрдөж, ажиллагаа явуулсан гэх мэдээлэл байгаа гэдгийг Врей онцоллоо.

Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тайлбар хүссэн боловч хариу өгөөгүй байна. Нидерланд улсад ч Хятадын цагдаагийн газар байдаг гэсэн мэдээлэл энэ сарын эхээр тарсан. Хятадын Гадаад хэргийн яам энэ мэдээллийг үгүйсгээд байна. Энэ нь цагдаагийн газар бус Хятад иргэдэд бичиг баримтаа шинэчлэхэд нь туслах зорилготой оффисууд гэжээ.

Эх сурвалж: REUTERS