2022-05-17

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Шведүүд Яагаад Зөвхөн Хагассайнд л Чихэр Иддэг вэ?

Шведэд дөрвөн ам бүлтэй айл гэхэд долоо хоногт дунджаар 1-кг орчим чихэр иддэг байна. Гэлээ ч хүүхдүүд нь ихэнх Европчуудаас илүү эрүүл шүдтэй байдаг аж. Энэ нь lördagsgodis буюу “Бямба гарагийн амттан” гэх уламжлалтай салшгүй холбоотой юм.

Хүүхдүүд: -Бид зөвхөн Хагассайнд л чихэр иддэг. Долоо хоногийн дундуур амралтын өдөр чихэр идэхийг тэсэн ядан хүлээдэг. Тэгээд ямар чихэр авахаа хүртэл бодож эхэлдэг. -Хагассайн өдөр бүр би долоон өөр төрлийн чихэр авч иддэг.

Эцэг эх: Би хүүхэд байхаасаа яагаад гэдгийг нь мэдэхгүй ч энэ уламжлалыг дагадаг байсан. Шведэд бараг бүх хүн энэ заншлыг даган дуурайдаг. Одоо бодоход энэ үнэхээр гоё уламжлал бас дагахад амархан.

Швед соёлоор дагнасан лектор, зохиолч бүсгүйн хэлснээр энэ уламжлал нь Дэлхийн II дайны дараах нэгэн туршилтаас үүджээ. Тэр нь өнөөгийн стандартаар хэмжвэл ёс зүйн хувьд тийм зөв зүйтэй байсангүй. Учир нь тухайн цаг үед сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөнүүдэд чихэр өгдөг байжээ. Түүний дараахан “чихрийн хэрэглээ шүдэнд муугаар нөлөөлдөг” гэдгийг нотлох анхны шинжлэх ухааны баримт дэлгэгдсэн билээ. “Хэрэв та долоо хоногийн турш тасралтгүй чихэр идвэл шүд цоорох таатай орчин бүрдүүлж байгаа хэрэг. Харин та нэг дор хүссэн хэмжээгээрээ идээд, шүдээ угаасан нь илүү дээр.” нэгэн хоол судлаач хэлсэн.

Зөвхөн үүнээс болж Шведийн ард иргэдийн шүдний эрүүл мэнд сайн байгаа гэсэн үг биш. Тэд шүдээ маш сайн угаадаг. Мөн нийтээрээ сайн чанарын хоол хэрэглэж байгаа нь ч үүнтэй холбоотой гэнэ. Шведэд хүүхдийн шүдийг 23 нас хүртэл нь улсаас хариуцан эмчилдэг байна. Тэгэхдээ бага хэмжээний цооролт, өвдөлт үүсэхэд л эмнэлэгт яаралтай ханддаг ажээ.

Харин цаашид энэ улс Хагассайн өдрийн уламжлалаа авч үлдэх болов уу? Өнөө цагт хүмүүс долоо хоногийн дундуур чихэр ихээр идэх хандлагатай болсон. Зарим хүн заавал энэ уламжлалыг дагах хэрэггүй гэж үзэх нь ч бий. Гэхдээ нийгэм өөрөө хувьсан өөрчлөгдөж, бид ч гэсэн амьдралын өөр өөр хэв маягуудаас суралцах болсон. Тэгсэн хэдий ч энэ уламжлал урт хугацаанд үргэлжилсээр байна. Учир нь энэ сэтгэлгээ тэдний тархинд гүн суусан соёлуудын нэг хэмээн судлаачид болон жирийн иргэд үздэг аж.

Эх сурвалж: BBC