2022-05-17

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Мисс Б.Бадамцэцэг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд, одон медаль гардуулж Хариуцсан ажилдаа мэргэжлийн ур чадвар гаргаж, мэдлэг туршлагаа дайчлан үр бүтээлтэй ажилласан “LE BEAUTIQUE” шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Бадамцэцэгийг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав.

Отгон мисс Батмөнхийн Бадамцэцэг гэхээр хүмүүс, “Хэцүү анги”-ийн Гэрэлээ юу гэдэг. Тэхдээ мөн олон нийтэд шүдний дагина хэмээн өpгөмжлөгддөг бүсгүй бол мисс Б.Бадамцэцэг. “Мисс Монголиа-2010” тэмцээний ялагчаар тодорч байсан.

Хэдхэн жилийн өмнө гэр бүлийн амьдрал зохиож, загварын тайзнаас бүрмөсөн холдсон мисс бүсгүй дэгжин хувцас, гоёлын будалтаа хүртэл хүртэл хойш тавьжээ. Айл гэрийн эзэгтэй болоод хөөрхөн хүү, охин төрүүлсэн түүний хувьд “Family dent” шүдний эмнэлэг нээж, бяцхан хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндэд анхаарах “Шүдний дагина” болсон гэдэг.

Тэрбээр 2012 оноос хойш хүмүүнлэгийн үйлсэд гар, бие оролцож буй бөгөөд “Шүд болон амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох үндэсний сан”-г өөрийн санаачилгаар нээсэн. Энэ сангийн үйл ажиллагаагаар хөдөө орон нутаг, алслагдсан дүүрэг, сумдын 500 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 17 цэцэрлэгийн 100 гаруй хүүхдэд хүрч ажилласан байна.

Түүнчлэн дөрвөн жилийн турш долдугаар сарын 27-нд буюу өөрийнхөө төрсөн өдрөөр хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж, үзлэг оношилгоо хийдэг. Энэ хүрээнд 300 гаруй хүүхдийн шүдийг эмчилжээ.

Тэрбээр төрсөн өдрөөрөө болон өөрийн санаачлан нээсэн сангийнхаа үйл ажиллагаагаар дамжуулан нийт 800 гаруй хүүхдийн шүдийг эмчилсэн байна.

3

4

5