2022-05-18

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Швед Улсын Талаар Та Хэр Сайн Мэддэг Вэ?

Шведийн вант улс нь Скандинавын хойгт Норвег, Финланд, Дани улсуудтай хиллэн, өмнө болон зүүн талаараа Балтийн тэнгисээр хүрээлэгдэн 450,295 ам дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзлэн оршдог юм байна. Нийслэл нь Стокгольм, албан ёсны хэл нь Швед, Герман.  

Газар нутгийн хэмжээгээрээ Баруун Европт гуравдугаарт ордог энэ улс өмнө талаараа далайн, дунд хэсэгтээ эх газрын чийглэг, хойд талаараа хойт туйлын уур амьсгалтай. Зундаа бол хэт халуун биш, өвөлдөө температур тэгээс яльгүй доошилдог ч нутгийн өмнө хэсгээр цастай өвөл болох нь ховор. Харин нутгийн умард хэсэг хойд туйлд ойрхон тул цас ихтэй, хүйтэн, өвөл нь урт байдаг гэнэ.

Хүн амын хувьд 9,2 сая. Нягтаршил бага бөгөөд 1 кв.км-т 2.1 хүн ногддог. Оршин суугчдын 80 гаруй хувь нь нутгийнхаа өмнөд хагаст төвлөрсөн.

Шашин шүтлэг: Хүн амын 80 гаруй хувь нь христосын шашны лютеран реформч урсгалыг дагадаг Шведийн сүмд харъяалагддаг.

Төрийн тогтолцоо: Парламентын тогтолцоотой, үндсэн хуульт хаант улс. Одоогийн хаан Карл XVI Густаф  нь 1973 онд хаанд ширээнд заларсан ч  улс төрд  оролцдоггүй байжээ. Харин Төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэх буюу бэлгэ тэмдэгийн чанартай байв. Хааныг зөвхөн хүү нь залгамжлах эрхтэй байсныг өөрчилж ууган хүүхэд нь залгамжлахаар хуулийн зохицуулалт хийгдсэн. Энэ дагуу охин Виктори нь  хаан ширээг залгамжилна. Ардчиллын индексээр дэлхийд нэгдүгээрт, хүний хөгжлийн индексээр долдугаарт ордог ажээ.

Парламент /Riksdag/: 49 суудал бүхий нэг танхимтай. Сонгууль манайхтай адил 4 жил тутам явагддаг. 2006 оны сонгуулиар Барууны чиглэлийн модерат (аядуу), либерал, төв болон Христын ардчилсан намууд эвсэж олонхи болсон. Хамгийн олон суудалтай хүчин нь  социал демократ нам байдаг юм байна. Гишүүдийнх нь 40 гаруй хувь нь эмэгтэйчүүд буюу улт төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сайн байдаг. Батлан хамгаалахын, сангийн, гадаад хэргийн, боловсролын, соёлын, үйлдвэр, худалдааны зэрэг 15 хороотой ажиллаж байна.

Засгийн газар: 2006 оны сонгуульд ялсан Аядуу нам эвслийн намуудын хамт Засгийн газраа байгуулсан. Ерөнхий сайдын алба, 12 яам, Захиргааны алба гэсэн бүтэцтэй.

Ерөнхий сайд: Аядуу намын дарга Фредерик Райнфельд. Засгийн газрын гишүүн 22 сайдын 10 нь эмэгтэй.  

Засаг захиргаа: Швед бол нэгдмэл улс. Хуучныхаар Гүнлэг буюу 21 муж нутагт хуваагддаг. Муж бүхэн дотроо коммун буюу нутгийн захиргаанд хуваагдана. Нийт 290 коммунтай.

Гадаад харилцаа: Энхийн цагт эвсэл, бүлэглэлд үл нэгдэх, дайны үед төвийг сахих бодлого явуулж, цөмийн зэвсгийг устгах, үй олноор хөнөөх зэвсгийг хязгаарлах, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл явцад идэвхтэй оролцож ирсэн. Европын Холбооны гишүүн. Шенгений хэлэлцээрт нэгдсэн.  ЕХ-ны нэгдсэн мөнгөн тэмдэгтийг нэвтрүүлэх хэлэлцээрт нэгдээгүй байгаа.    

Эдийн засаг: Швед бол экспортод чиглэсэн өндөр хөгжилтэй,холимог эдийн засагтай орон. Ойн аж ахуй, усны эрчим хүч, ган төмрийн нөөцөд тулгууурласан. Үйлдвэрлэл гадаад худалдаанд зонхилох үүргийг гүйцэтгэдэг хэдий ч цахилгаан холбоо, автомашины үйлдвэрлэл, эмийн үйлдвэрлэл эдийн засагт онцгой үүрэгтэй.  Түүнчлэн ХАА өндөр хөгжсөн. Худалдааны гол түншүүдэд Герман, АНУ, Норвег, Их Британи, Дани болон Финланд тооцогддог. 

Эдийн засгийн гол үзүүлэлтүүд (2008 оны байдлаар) 

  • ДНБ: 479,1  тэрбум орчим ам.доллар
  • ДНБ-ний өсөлт:  – 0,4 хувь
  • 1 хүнд ногдох ДНБ:  38, 600 ам.доллар
  • Хөдөлмөр эрхэлж буй: 4,6 сая хүн
  • Ажилгүйдлийн түвшин: 6,2 хувь
  • Инфляц: 2 хувь

Мөнгөний нэгж: Швед крон (SEK). 10 орчим швед крон нь 1 евро, 7 ам.доллартой тэнцэнэ.

Экспорт: 185,9 тэрбум ам.дол. Экспортын гол бараа нь машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, мод, цаас, модон болон цаасан  бүтээгдэхүүн, ган, төмөр, химийн бүтээгдэхүүн юм.

Импорт: 167,8 тэрбум ам.дол.Импортын гол бараа нь машин,тоног төрөөрөмж, газрын тос, газрын тосон бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, хувцас, төмөр, ган зэрэг орно.

Шведийн Хаан Карл XVI Густафийн талаар товчхон…
Шведийн талаар багахан ч болов ойлголттой болов уу? Тэгвэл нэ орны Хааны талаар мэдээлэл хүргэе.

Шведийн Хаан Карл XVI Густаф Фолке Хубертус нь Ханхүү Густаф Адольф, Сачен-Кобург-Готагийн гүнж Сибиллагийн 5 дахь хүүхэд бөгөөд ганц хүү нь болж 1946 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Хага ордонд төржээ. Эцэг Ханхүү Густаф Адольф нь 1947 онд онгоцны ослоор нас барсан харамсалтай явдал тохиолдсон байна. Эх Гүнж Сибилла нь 1972 онд Стокгольм хотод нас эцэслэжээ.

Карл XVI Густаф 1950 онд Угсаа залгамжлах Ханхүү болж 1973 оны 9 дүгээр сарын 15-нд  27 насандаа Шведийн төрийн тэргүүн болсон.

Боловсрол: Тэрээр Стокгольмд Хааны ордонд Хичээл заалгаж эхлээд Броомсийн сургууль, Сигтунагийн сургуульд 1966 онд элсэн оржээ. Угсаа залгамжлах Ханхүү нь 2,5 жил цэргийн алба хаасан. 1968 онд Усан цэргийн офицерийн шалгалтаа өгсөн. Цэргийн сургалтаа Шведийн Үндэсний Батлан хамгаалахын Коллежид үргэлжлүүлсэн.

1968-1969 онуудад Угсаа залгамжлах Ханхүү Уппсалагийн их сургууль, Стокгольмийн их сургуульд түүх, улс төр, социологи, санхүү, эдийн засгийн сургалтын программд хамрагджээ.

Ханхүү Карл нь Нью-Йорк дахь НҮБ-ын дэргэдэх Шведийн Байнгын төлөөлөгчийн газар, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газар /SIDA/-ын үйл ажиллагаанд оролцсоноор олон улсын харилцааны туршлага хуримтлуулсан байна. Английн Лондон хотод Хамброгийн Банк, Шведийн ЭСЯ, Шведийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Францийн Нэвэрс хотод Алфа Лавал плант компанид ажиллаж үлэмж их хугацааг өнгөрөөсөн аж. Угсаа залгамжлах Ханхүүгийн байгаль, байгаль орчны хамгаалалтын тухай сонирхол нь түүнийг 1972 онд Стокгольм хотод хуралдсан НҮБ-ын Байгаль орчны тухай хуралд оролцоход хүргэжээ.

1970 онд тэрээр Япон Улсын Осака хотод болж өнгөрсөн Дэлхийн үзэсгэлэнд оролцох Шведийн төлөлөөлөгчдийн тэргүүнээр явж байжээ.

Гэр бүл: Угсаа залгамжлах Ханхүү нь 1972 онд ХБНГУ-ын Мюнхен хотод болсон Олимпийн тоглолтын үеэр орчуулагчаар ажиллаж байсан Силвиа Соммерлаттай танилцжээ. Силвиа Соммерлат нь Баруун Германы бизнесмэн Волтер Соммерлат, түүний бразил гэргий Алис ни де Толедо нарын гэр бүлд  1943 оны 12 дугаар 23-нд төрсөн аж.

Swedish people holding Sweden flag in Stockholm. Candid fresh Scandinavian man and Asian woman looking at old town cityscape sunset view from Monteliusvagen overlooking Gamla Stan, the old city.

1976 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Хаан Карл XVI Густаф, Силвиа Соммерлат нар сүй тавьсанаа зарлаж, тэр жилийнхээ 6 дугаар сарын 19-ний өдөр Стокгольмийн сүмд гэрлэсэн байна.

Хаан Карл XVI Густаф, Силвиа Соммерлат нь гурван хүүхэдтэй бөгөөд Угсаа залгамжлах Гүнж Викториа нь 1977 оны 7 дугаар сарын 14-нд, Ханхүү Карл Филип нь 1979 оны 5 дугаар сарын 13-нд төржээ. Харин Гүнж Мэдэлэйн нь 1982 оны 6 дугаар сарын 10-нд мэндэлсэн байна. Хааны гэр бүл нь 1981 он хүртэл Стокгольмийн Хааны ордонд амьдарч байгаад Дроттнингхолм Ордон руу нүүжээ.

Албан үүргүүд: Хаан нь Шведийн Үндсэн хуулийн дагуу албан болон ёслолын үүрэг гүйцэтгэдэг. Гадаадад төрийн айлчлал хийх буюу гаднаас ирж буй төрийн айлчлалыг хүлээн авдаг. Тэрээр Парламентын жил болгоны чуулганыг нээж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэх тусгай зөвлөлийг даргалдаг.  Мөн Гадаад харилцааны Зөвлөлдөх зөвлөлийг тэргүүлж, Шведийн Вант Улсад суух Элчин сайд нарын ИЖБ-ийг хүлээн авдаг юм байна.

Парламентын Дарга, Засгийн газрын гишүүн, сүм, батлан хамгаалах, Швед болон гадаадын байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах нь Хааны өдөр тутмын ажлын нэг хэсэг болдог.

Сонирхдог зүйлс: Хаан Карл XVI Густаф нь хүүхэд наснаасаа эхлэн Скаутын хөдөлгөөнийг сонирхож эхэлсэн бөгөөд 1977 онд Дэлхийн Скаутын Холбооны Хүндэт Ерөнхийлөгч болжээ. Тэрээр Швед болон гадаадад болж байгаа скаутын үйл ажиллагаанд байнга оролцдог байна. 1988 онд WWF-ийн Шведийн салбарын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. АНУ-ын Байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийн шагналаар шагнуулж байжээ.

Хааны Карл XVI Густаф нь урлаг, хөгжим, хоол сонирхдог бөгөөд ан хийх, усанд сэлэх болон усан спорт, мото спорт, цанаар гулгах дуртай гэнэ.

Тиймээс ч хааны гэр бүлийнхэн өвөлдөө эцэг эхээс өвлөгдөж ирсэн Жэмтлэнд мужийн Сторлиэн хотод байдаг өөрийн коттеджид цанаар гулгаж чөлөөт цагаа өнгөрөөдөг аж. Тэд бас зундаа Өлэнд арлын Соллидэн ордондоо усан спортоор хичээллэж, морь унаж, цэцэрлэгт хүрээлэндээ ажилладаг гэнэ шүү.