2022-07-01

Монголдоо

Зөвхөн танд зориулав

Lil Thug-E: Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсэж байна

Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь 2021 оны есдүгээр сарын 17-ны өдөр УТНЭ-ийн шинжилгээний дүгнэлтээр цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдоод байсан билээ.

Түүний дотнын нөхөд, салбарынх нь уран бүтээлчид болон Монгол түмэн нь хандивын аян эхлүүлээд амжилттай зохион байгуулж байсан. Эмчилгээний нийт зардал болох 650 сая төгрөгийг бүрдүүлэхийн тулд монголчууд уг аянд идэвхтэй нэгдэж чадсан.

Тэрээр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан нийт Монголчууддаа баярласан сэтгэгдлээ хуваалцсан юм: Элэгт нэгт Монгол ахан дүүс, урлагийн ах эгч нар, найз нөхөд, надад тусалсан та бүхэндээ талархлын үгийг баяртайгаар бичиж суугааг минь хүлээн авна уу. Та бүхнийхээ сайхан сэтгэл, тусламжийн ачаар би олон өдөр хоногуудыг эмнэлгийн орон дээр өнгөрөөсөн ч амьдралын аз жаргалыг мэдэрч байна.

Аюулт өвчнийг ялан дийлэх тэмцэл маань дуусаагүй ч урт хугацааны дараа эдгэнэ гэдгийг сонсоод, өдрөөс өдөрт бие минь тэнхэрч, сошиал ашиглах чадалтай болж байгаагаа дуулгах гэж яаран бичлээ.

Миний хийсэн зүйл ердөө л эмнэлгийн орон дээр хэвтэж, эмээр хооллож, олон удаагийн цусны болон химийн эмчилгээнд орох байлаа. Сайхан сэтгэлтэй та бүхэн минь, намайг амьдрууллаа.

Та бүхнийхээ дуусашгүй их ачийг нийгмийн сайн сайхны төлөө ажил хийж, үйлдлээрээ болон уран бүтээлээрээ олон хүнд тусалж хариулахыг хүсэж байна. Эмнэлгийн орон дээр байхад урмын үг, захидал олон ирж байсан ч тэр болгонд хариулах тэнхээгүй байсныг минь ойлгоорой.

Эх орондоо очихсон гэж тэсэн ядан хүлээж байна. Та бүхэндээ насан туршдаа талархаж явах болно. Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн, Г. Төгөлдөр (Lil Thug E)

2